Жолооны курст бүртгүүлэв

Японд жолооны курст бүртгүүлэхэд ямар байдаг тухай танилцуулмаар санагдлаа.

(Энд би Монгол улсад ямар байдаг тухай огт мэдлэггүй хүний үүднээс, анхан шатны хүнд зориулж бичиж байгаа.)

Эхлээд сургалтын төрлийг танилцуулая.

Томоор хуваагаад 2 төрлийн сургалт бий. Нэг нь гашшүкү буюу бөөндөө нэг дор байрлаж байгаад дор хаяж 14 хоногийн гүнзгийрүүлсэн сургалт. Нөгөө нь, сургуульд явдагтай адил тогтсон цагаар очиж хичээллэх. Дийлэнхи Япончуудын хувьд оюутны амралтаараа гашшүкүд явах нь их байдаг болов уу. Учир нь, гашшүкүг хөдөө газар хийвэл илүү зардал багатай байдаг. Харин, миний хувьд оюутан байхдаа явж чадаагүй учир, ажлынхаа хуваарьт тааруулаад очиж байхаар болов.

Үнэмлэх авхад 2 шатны шалгалт өгөх ёстой.

Эхний шатны шалгаруулалт: Онолын хичээл 10 цаг, дром дээр дор хаяж 15 цаг (механик)/ 12 цаг (автомат) дадлага хийсэн байх ёстой. Түүний дараа бичгийн шалгалт өгч “таамгийн буюу 仮” үнэмлэхтэй болно. 

Хоёрдугаар шатны шалгаруулалт: Онолын 16 цагийн хичээл, дромын дор хаяж 19 цагийн дадлага хийсний дараа эцсийн шатны шалгалтанд орно. 

Энэ хүртэл Монголын жолооны үнэмлэх авах аргатай адил байж магадгүй.

Харин, миний хувьд хамгийн анхаарал татсан зүйл бол, “適正試験” буюу “жолооч болоход тохирсон эсэх, зан чанарын шалгалт” байгаа юм.

Хамгийн анх жолооны курст бүртгүүлэхдээ ойролцоогоор 50 минутын шалгалт өгнө. Энэ шалгалтын агуулга ерөнхийдөө хурд шаардсан байлаа. Заасан цагийн дотор хэр хурдан алдааг олох, адилхан дүрсийг сонгох, эсвэл заасан дүрсийг зурах, мөн цээжээр тоо бодох гэх мэт хурд шаардсан дасгалуудын дараа хамгийн сүүлд нь өөрийн зан аашийг дүгнэж хариу сонгох дасгалтай. 

Энэ удаагийн эхний шалталтын дүнг ашиглаж цаашид хичээлээ үзнэ. Юу гэсэн үг вэ гэхээр, дромын багш нь хувь хүний занд нь тохируулж заах юм гэнэ. Мөн, жолооны курсаас 2 төрлийн хуудас өгөв. Нэг нь, “таалагдсан багшийн хуудас”, нөгөө нь “таарахгүй багшийн хуудас”. Энэ 2 хуудсыг бөглөх эсэх нь таны дур ч, энэ багштай дахиж таарахгүй юм шүү гэж бодсон үед бичээд бүртгүүлэхэд, цаанаас нь тэр багш дээр оруулахгүй юм байна. Магадгүй, миний хувьд сонгож бүртгүүлсэн курс маань, миний хуваарьт тааруулаад урьдчилсан 1 сарын хичээлийн хуваарь цаанаас нь гаргаж өгөх курс байсан болохоор ч байж магадгүй юм.

Энэ 適性試験 буюу зан чанарын шалгалтыг дээр дурдсан эхний шатны шалгалтын өмнө ч мөн өгөх юм билээ. Агуулга нь яаж өөрчлөгдхийг одоогоор мэдэхгүй байна.

Дээрх жолооны сургалтанд бүртгүүлээд, эцсийн шалгалтанд тэнцэж үнэмлэхтэй болох хүртэл 1 жилийн хугацаа заасан бөгөөд, 9 хүртэл сард сургалтандаа сууж, дээд тал нь 3 сар хүртэл давтан шалгалт өгөх боломжтой. Мөн, эхний шатны шалгалтаа өгснөөс хойш 9 сарын дотор 2 дахь шатаа дуусгахгүй бол эхний шатны үзсэн хичээлийг хүчингүйд тооцдог юм байна. Мөн, эхний шатны шалгалтаар авсан 仮 үнэмлэх дээд тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай бөгөөд, төгсөх хүртэл хүчинтэй байх хэрэгтэй гэнэ.

Ингээд Биби дараагийнхаа сургуульдаа бүртгүүлсэн байдаг юм. Таношими.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)