Дадлага-1

 Энэ жил зуныхаа амралтаар Монголруу харихынхаа оронд дадлага хийнгээ, ийш тийш газар үзэж амарч өнгөрөөснийг мэдэж байгаа байх.
 Дадлагаа ямар газар юу хийж өнгөрөөсөн талаараа жоохон цухуйлгадаг юм уу гэж бодоод. Юуны түрүүнд Японд дадлага хийх газар яаж хайдаг талаар тайлбарлая.
 3-р курс болон Магистрийн 1-р курсын оюутнууд голчилж зуны дадлагажилтанд хамрагддаг. Манай сургууль дээр тусгайчлан олон байгууллага, компаниас ирж уулзалт ярилцлага зохион байгуулдаг бөгөөд агуулга нь яаж дадлага хийх газраа олох болон ажил хайх хүртэл юу хийх вэ гэсэн талаар. Японд голдуу дадлагын оюутан сонгож авахдаа цаашдаа компанийн шинэ ажилчин болж болохоор хүн байна уу гэдгийг нь хардаг. Нэг ёсны шинээр төгсөөд ажилд орох хүсэлтэй оюутнуудаа эртнээс хайж байгаа гэсэн үг юм.
 Тиймээс зун 8,9 сард хийх дадлагыг бүр 5,6сараас эхлээд материалаа явуулж, хэд хэдэн үе шаттайгаар шалтгалт, ам ярилцлаганд орох замаар бэлдэж сонгодог. Ингэж эртнээс маш олон оюутнууд дадлага хайж эхэлдэгтэй холбогдуулан ажил болон дадлаг хайж буй оюутнуудад зориулж компаниуд болон оюутнуудыг хооронд нь холбож өгдөг хэд хэдэн сайт, твиттэрээр дүүрэн аккаунтнууд байдаг бөгөөд тогтмол мэдээлэл урсаж байдаг. Жишээ нь リクナビ、マイナビгэсэн алдартай сайтууд ч байна.
 Өөрийн мэйл хаягаа бүртгүүлээд, гишүүн нь болохын хажуугаар намайг хаанахын ямар сургуульд ямар мэргэжлээр сурч багаатай холбогдуулан ойрхон болох компаниудын танилцуулга уулзалт, хаана ямар компанид миний мэргэжлийн оюутанд зориулсан дадлага байна гэх мэт бүх мэдээллийг авах боломжтой. Тэрнээс гадна хувь хүний зан чанарын тестийг бөглөөд ямар ажил хийвэл илүү тохиромжтой талаар ч хэлээд өгнө. Зан чанарын тестийг ч яахав интернэтээр үнэгүй бөглөж болж байгаа бол мэдлэг чадварын шалгалт бас байдаг бөгөөд сургууль дээрээ бүртгүүлээд, шалгалтын төвд очиж шалгалт өгсөн оноогоо компаниудад бүртгүүлэхдээ хавсаргаж явуулна. Бас ихэнх том компаниудын дадлагын хугацаа нь хоорондоо давхцдаг учраас яг л тухайн компанид ирээдүйд ажилламаар байна аа гэсэн оюутнууд тунаж материалаа явуулдаг гэхэд хэлсдэхгүй болов уу. Энэ нь Япон хэв шинжтэй, Японы компаниудын арга барил.
 Харин миний хувьд гэвэл бага зэрэг өөр. Учир нь Германы Bosch компанийн Япон дахь(Ёкохама дахь) салбарын энэ жилээс эхлэн явуулж буй Global Internship @Bosch in Vietnam гэсэн хөтөлбөрт оролцсон юм. (Энд дарж танилцуулгыг нь үзээрэй⇒Link.) Аль 5сарын31нд материалаа явуулаад, долоо хоногийн дараа утсаар ярилцлага авч, түүнийхээ хариуг 6сарын 13нд сонсож, 6 сарын 25нд сүүлчийн шалгаруулалтанд орохоор боллоо. Сүүлчийн шатанд нийтдээ 25уулаа тунаж үлдсэн байх бөгөөд, хамгийн эхэнд Англиар өөрийгөө 5минут PR хийсний дараа асуултанд хариулж, дараагаар нь 2,2оороо ам ярилцлаганд ороод төгсгөлд нь 8,8аараа групп хэлэлцүүлэг хийж түүнийгээ 5минутын дотор илгэл тавих байсан юм. Нэмж хэлэхэд, сүүлчийн шалгаруулалт маань Ёкохамад болсон бөгөөд, замын зардлаа өөрсдөө гаргах нөхцөлтэй, бүр Хоккайдо болон Кюүшү арлаас өмнөх өдөр нь онгоцоор ирж хоноод шалгалтаа өгчихөөд буцах хүн ч байсан шүү. Энэ үе шат хооронд нь дадлагаар хийх mission-уудын танилцуулга болон бага зэргийн үйлдвэртэй танилцах завсарлага ороод бүтэн өдөр үргэлжилсэн шалгаруулалт байлаа. Шалгаруулалтын хариугаа 7сарын 1нд нь сонссон юм. Бүтэн сар үргэлжилж нэг юм дадлага хийх газар маань тодорхой болсон байгаа биз. Хэрэв энэ үед надад унасан гэсэн хариу ирсэн бол өөр компанид дадлага хийхээр хайх нь нилээд оройтсон явдал байлаа. Мэдээж олон компанид шалгалт өгч материалаа явуулж болох ч, миний хувьд ганцхан Bosch-д л материалаа явуулсан байсан юм.
 За ингээд ашгүй нэг юм тэнцжээ одоо заасан хугацаанд нь Вьетнамынхаа визээ аваад, гадаад аялахад зориулсан даатгалдаа хамрагдаж бас бусад гэрээ хэлэлцээрийн матералд гарын үсгэ зураад явуулах ёстой. Гэрээ гэдэг нь 2 төрлийн гэрээ байх бөгөөд нэг нь нууцлал чандлан хадгална гэсэн гэрээ, нөгөө нь би энэ дадлагад та бүхний заасан нөхцөлөөр явахад надад асуудалгүй гэсэн  утгатай.
 Bosch компань маань өөрөө олон төрлийн үйлчилгээ, үйлдвэрлэл явуулдаг боловч дийлэнх ашигаа авто машины сэлбэг хэрэгсэл, программ зэргээсээ олдог. Дэлхийд номер нэг automotive supplier ч гэгддэг бөгөөд уг нь Bosch-н өөрийнх нь технологиор машин хийе гэвэл хийж болох бүрэн боломжтой боловч, бусад машины үйлдвэрлэгч компаниудынхаа supplier-г нь хийгээд явж байгаа юм. Миний хуваарилагдсан баг маань 2өөр mission-той байсан бөгөөд, гол зорилго нь маш том прожект ажлын нэг жижигхээн хэсгийг загварчилж, түүнийгээ шалгах байсан юм.
 Хийсэн ажлынхаа талаар нарийн бичих нь ч хэцүү юм, тайлбарлахын тулд нууц задалчих гээд байгаа юм шиг санагдаад нтр :P залхуурав...арай л дэндүү нарийн сунжирсан юм болох болохоор өнгөцхөн л тайлбарлая.
 Эхний даалгавар маань машины хөргөлтийн сэнсийг ажиллуулах үеийн логик дизайныг гаргах байлаа л даа. Юу гэхээр машины урд талын гэрэл нь асаалттай үед хөргөлтийн сэнсийг ажиллуулахад хөдөлгүүрт хангалттай эрчим хүч байхгүй улмаас гэрэл анивчих магадлалтай байдаг. Түүнийг болиулахын тулд олон янзын нөхцөл өгч гэрлээ асаалттай чигээр нь сэнсээ ажиллуулах зорилготой. Тэрнийхээ дараагаар гаргасан логик дизайнаа өөрсдөө тайлбарлаад, яг адилхан дизайныг бодитоор тусгай лабараторийн машин дээр шалгах байсан юм. Дараагийн даалгавар маань арай өөр агуулга бүтэцтэй, өөр зүйлийг бас л шалгаж, тухайн өгөгдөл, шалгах нөхцөл маань зөв үү гүй юу гэсэн юм байлаа.
 Тэгээд гол энэ удаагийн дадлагаар юу хийж, юу сурсан талаараа хамгийн сүүлчийн өдөр илтгэл тавьсан бөгөөд, багийнхаа илтгэлдээ тавьсан сурж мэдсэн зүйлсээс хоёрыг нь танилцуулая.
 Нэгдүгээрт, "СУРАХ АРГА БАРИЛ" бөгөөд, А нь Б-д ямар нэг юмыг заахаар оролдож байна гэж бодьё. А 100% заах гэсэн юмаа тайлбарлалаа. Б түүний дөнгөж нэг хэсгийг(жишээ нь 10%) л ойлгоно. Өөрийн ойлгосон 10%-аа Б нь А-д тайлбарлана. Тэндээс А нь Б-г юуг ойлгож байгааг мэдэх бөгөөд буруу ойлгосныг нь ч засаад үлдсэн 90%ыг дахиж тайлбарлана. Б мөн л өөрийн ойлгосон хэсгийг А-д тайлбарлана. Энэ мэтээр харилцан тайлбарлалцсаны үндсэн дээр Б нь А-гийн заах гэсэн агуулгыг зүгээр ч нэг ойлгоод зогсохгүй өөрийн болгох боломжтой байгаа юм. Багахан л тэвчээр гаргахад их үр дүнтэй арга юм болов уу гэж бодож байна.
 Хоёрдугаарт, "НЭРШИЛ" гэж тэмдэглэе. Bosch компань маань өөрөө дэлхийн 60гаруй улсад салбартай их том компань бөгөөд, маш олон улс үндэстэн ажиллаж байгаа. Мөн нэг том прожект ажил нь олон улсад ажиллаж байгаа салбаруудаас бүрдэх болохоор тухайн прожектоо тусгай дүрмээр нэрлэж явдаг. Жишээ нь нэг software-ийн прожект байлаа гэж бодьё. Түүний нэг ч гэсэн засвар, нэмэлт, орох юм бол тогтсон дүрмээр нэрийг нь өөрчлөөд хэн хаана аль хэсэгт нь засчихав гэдэг нь ойлгомжтойгоор нэрлээд явна. Яах аргагүй олон салбараас бүрдэж байгаа том прожектод ингэж хандахаас өөрөөр яах ч билээдээ. Энэ 2 арга хэрэг болох хүндээ, хэрэг болох газраа гоё санаа болох ч юм билүү гэж бодоод орууллаа.

 Энэ мэтээр сурч мэдсэн, хуваалцмаар санагдсан зүйлсээ бичээд явна даа. Дадлага сэдвээ 2 хуваадаг юм уу гэж бодож байгаа бөгөөд эхний хэсгээ энд хүрээд дуусгая. Дараа арай өөр өнцгөөс дадлага хийх хугацаанд бодогдож санагдсан сэтгэгдлээ хуваалцана аа.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Осака хот (05/03/2015)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?